“Хилчдийн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-17 11:11:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Хилчдийн өдөр”.


Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой тохиож байна. 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.


Хилийн цэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замнал нь Монголын ард түмний тусгаар тогтнолд халдан довтолсон харийнхны өнгөлзлөгийг цаг тухайд нь илрүүлэн зогсоож, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалсан мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын түүх билээ.


1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн түүхтэй. Манай улсын хилийн нийт урт нь 8257 км, өдөрт 5000 орчим цэрэг хилийн манаанд гардаг аж.


Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн эх орончдын үргэлжлэл болж, алтан хилээ батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж хүлээсэн үүрэг, хариуцсан алба, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлж, мөрдсөөрөө гоёсон эх орны хилийн дайчдад баяр хүргэе. ХХЕГ-аас Орчин цагийн хил хамгаалах байгууллагын 92 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан баярын хурал өчигдөр зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шилдэг алба хаагчдыг төрийн болон ХЗДХЯ-ны шагналаар шагнасан байна. Энэ үеэр гурван хилчинд хурандаа цол олгожээ.


Монгол Улсын дархан хил өнө мөнхөд амгалан байж, хилчдийн яруу алдар бадартугай. 








相关新闻