БАЯНХОНГОР: Гурванбулаг суманд -12 градус хүйтэн хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-17 14:06:13

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаарч сэрүүсч, хасах хэмтэй хүйтэн хонож байна. Өнгөрсөн шөнө улсын хэмжээнд хамгийн хүйтэн нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -12 градус хүйтэн хонолоо.


Өнгөрсөн шөнө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6 -12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +3 +9 градус дулаан, бусад нутгаар +2 -4 градус хүйтэн хоносон байна.

Баянхонгор аймгийн хамгийн хүйтэрдэг нутаг бол Гурванбулаг. Тус сум аймгийн төвөөс 260 км, Улаанбаатар хотоос 900 км алслагдсан. Баянбулаг, Хүрээмарал, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Цахир, Хангай сумуудтай хиллэдэг бөгөөд сумын нутаг дунджаар далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн дөрвөн улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй.

Гурванбулаг суманд жилийн 306 хоногт хасах градустай байдаг онцлогтой бөгөөд зун нь сэрүүн, богино болдог. Агаарын хамгийн дулаан жилдээ +20+23.6 градус дулаан, хүйтэн үедээ -49.7-50.2 градус хүртэл хүйтэрдэг.

相关新闻