Хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих тендерийг 10 дугаар сард зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хагас коксжуулсан түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг 10 дугаар сард зарлана.
Нүүрс-хими
цогцолбор буюу хагас коксжуулсан түлшний
үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрлийг авч, нэгжийн ТЭЗҮ, технологийн судалгаа хийж дуусжээ. Хагас коксжуулсан түлшний үйлдвэр барьснаар нэмүү
өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат
ахиулж, экспортын орлогыг
нэмэх, олон улсын түүхий эдийн үнээс хараат байдлыг багасгах боломж бүрдэнэ.
Манай улсын “Алсын
хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт “2024-2030 онд хагас коксжуулсан, хийн түлшийг хэрэглээнд
нэвтрүүлэх, хагас коксжуулах эрчим
хүчний үйлдвэр барих” талаар тусгасан
бол Засгийн газрын энэ сарын 2-ны хуралдаанаар “Хагас
коксжуулах үйлдвэр” байгуулах үүрэг даалгаврыг НЗДТГ-т өгсөн билээ.
Улаанбаатар хотод нөөц үлдэгдэл 40 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулалтын 373 цэгээр худалдаж байгаа. Харин импортоор авч буй хагас коксжуулсан шахмал түлшийг ирэх сарын нэгнээс борлуулж эхэлнэ. Энэ өвөл 306 мянган тонн хагас коксжуулсан шахмал түлш борлуулахаар
төлөвлөсөн. Ингэснээр 2025-2026 оны галлагааны улиралд түлшний нөөц хангалттай хүрэлцэхээс гадна
агаарын бохирдлыг багасгахад
тодорхой хэмжээнд нөлөөлөх юм.
Нийслэлийн агаарын
бохирдлын 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаа, 28.9 хувь нь тээврийн
хэрэгслийн хөдөлгүүр, 15.5
хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, ДЦС-ын үнсэн сан зэрэг эх үүсвэрээс
үүдэлтэй. Агаарын бохирдол нь Баянхошуу,
7 буудал орчимд хамгийн их гэсэн
судалгаа байдаг аж.