Яармагийг Нисэхийн тууш замтай холбох 10.8 км зам шинээр тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-25 11:23:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагийг Нисэхийн тууш замтай холбох 10.8 км авто зам шинээр барих тендерийг 11 дүгээр сард зарлана.


Яармагаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбох авто замын баригын ажлыг 2026 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ зам нь 24 метр өргөн, зургаан эгнээ байх бөгөөд эгнээний өргөн 3.5-4, явган замын өргөн 2.5, дугуйн зам 1.5 метр өргөн, мөн автобусны 18 буудалтай байх юм. Тус замыг барьснаар Наадамчдын авто замын ачаалал багасаж, нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа 15 хувиар богиносож, явган зорчигчдын зорчилт 20 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.


Энэ зам нь НЗДТГ Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барьж байгаагийн нэг нь юм.



Ташрамд дурдахад, Сэлбэ гол дагуу 2.6 км авто замын ажлыг эхлүүлсэн нь одоогоор 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ замыг 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах аж. 

相关新闻