БАЯНХОНГОР: Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цогц дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн хоёрдугаар үе шат Баянхонгор аймагт хэрэгжиж байна.
"Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой.
Тус төсөл Баянхонгор аймагт 2024 оны дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг, Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжсэн юм. Төслийн хоёр дахь шат энэ онд Баянхонгор сумын сургууль, цэцэрлэгийн Баян-Ойт цогцолбор, "Оточ мандал" өрхийн эрүүл мэндийн төвийг загвар болгож сонгон энэ оны тавдугаар сараас хэрэгжүүлж байна.
Ажлын хэсгийн ээлжит уулзалт Баянхонгор суманд болж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар болон төсөл хэрэгжих "Оточ мандал" өрхийн эрүүл мэндийн төв, Баян-Ойт цогцолборын удирдах ажилтнууд, эмч, багш нарын төлөөлөл оролцов. Уулзалтаар төслийн хоёр дахь жилийн суурь судалгааны тайланг танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилт явцын талаар мэдээлэл хийлээ. Мөн “Зан үйлийн асуудалтай бага насны хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүй” номын танилцуулгыг хийсэн юм.
Энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн байгууллагуудын (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, хүүхдийн цэцэрлэг) чадавхийг бэхжүүлж, дэд бүтцийн орчныг сайжруулахад чиглэж байна. Төслийн хүрээнд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг үзүүлэх талаарх эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бодлогод тусгаж зөвлөмж өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
