К.Мбаппе Алматыд ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-28 19:57:23

МАДРИД, 2025 оны есдүгээр сарын 28. /ТАСС/. Францын шигшээгийн довтлогч Килиан Мбаппегийн нэр Казахстаны “Кайрат” багтай удахгүй тоглох гэж буй “Реал Мадрид”-ын мэдүүлэгт бичигджээ.


Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатны хоёрдугаар тойргийн энэхүү тоглолт Алматы хотод 30-ны өдөр болох бөгөөд “Реал”-ын 23 хөлбөмбөгчин тоглолтонд оролцоно.


Алматыд очихын тулд Испанийн багийнхан 12 цагийн хугацаанд 6500 км агаарын замыг туулах ажээ.


“Кайрат” баг Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатанд анх удаагаа шалгаран оролцож байгаа бол “Реал Мадрид” баг тус тэмцээнд 15 удаа түрүүлсэн юм. Энэ улирлын тэмцээний эхний тойрогт “Кайрат” баг Португалын “Спортинг” багт талбайд нь 1:4-өөр хожигдсон бол реалчууд Францын “Марсель”-ийг 2:1-ээр буулган авчээ.


Аваргуудын лиг бол Европын клубүүдийн хамгийн гол тэмцээн юм. Тэмцээний үндсэн үе шатанд 36 баг оролцож байгаа бөгөөд нийт 8 тоглолт /талбайдаа 4, өрсөлдөгчийн талбайд 4/ хийнэ. Тэдгээрээс шилдэг 8 баг шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн 16 багаас 8 нь плей-оффын шатны хоёр тоглолтын дүнгээр дараагийн шатанд тоглох юм.


Алматыд тоглох “Реал”-ын бүрэлдэхүүнийг танилцуулбал:


Хаалгачид: Тибо Куртуа, Андрей Лунин, Хави Наварро 

Хамгаалагчид: Давид Алаба, Марко Асенсио, Альваро Каррерас, Фран Гарсия, Дин Хёйсен, Давид Хименес

Хагас хамгаалагчид: Жуд Беллингем, Эдуарду Камавинга, Федерико Вальверде, Орельен Чуамени, Арда Гюлер, Дани Себальос

Довтлогчид: Винисиус Жуниор, Филипе Эндрик, Килиан Мбаппе, Брахим Диас, Франко Мастантуоно. 

相关新闻