"OpenAI" дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-03 10:57:37

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 3 /DW/. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох “OpenAI” зах зээлийн үнэлгээгээр тэрбумтан Илон Маскийн “SpaceX”-ийг (үнэлгээ нь 350 тэрбум ам.доллар) ардаа орхиж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани болжээ. 


Одоогийн болон хуучин ажилтнууд нь нийт 6.6 тэрбум орчим еврогийн үнэ бүхий хувьцааг худалдсаны дараа "ChatGPT" чатботыг хөгжүүлэгч тус компани одоо 500 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 


Хувьцааг “Thrive Capital”, “SoftBank Group”, “Dragoneer Investment Group”, “MGX”, “T. Rowe Price” компаниудаас бүрдсэн хөрөнгө оруулагчдын консорциум худалдаж авсан байна. Уг хэлцлийн үр дүнд “OpenAI” компанийн үнэлгээ 2025 оны эхээр “SoftBank”-ны шинжээчдийн хийсэн өмнөх 300 тэрбум ам.долларын үнэлгээг давснаар тус компани дэлхийн хамгийн том стартап болжээ. 


2025 оны эхний хагас жилд “OpenAI” компанийн орлого өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос 16 хувиар өсөж 4.3 тэрбум ам.долларт хүрсэн тухай “The Information” сонинд өмнө нь мэдээлж байв. 


“OpenAI” нь ботын салбарт тэргүүлэгч бөгөөд зураг, дүрс бичлэг үүсгэх зэрэг бусад хиймэл оюуны хэрэгслүүдийг санал болгодог. Тус компани хөрөнгийн биржид бүртгэлгүй тул хөрөнгө оруулагчид хувьцааг нь худалдаж авах боломж хязгаарлагдмал байдаг.

相关新闻