ХӨВСГӨЛ: Цагаан чулуутын овоог тахилаа
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цагаан чулуутын овоог намрын дунд сарын шинийн 16-ны дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр тахилаа.
Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны хуралдаанаар Арбулаг сумын Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгон 4 жилд нэг удаа хүндэтгэл илэрхийлж, тахиж байхаар тогтоол гаргасан юм.
Энэ удаагийн тахилгад Мөрөнгийн хүрээ гандандаржайлан хийдийн лам хуврагууд, сум орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо.
Цагаан чулуутын овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, түүнийг Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэд нууцаар эрхий хурууг нь цавчин эх нутагт нь авчирч, хадагт боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлмийн хамт газар ухан булж оршуулан дээр нь 1760 оны үед овоо босгосон гэсэн домог яриа байдаг.
Түүнээс хойш Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо хамгийн томд тооцогддог тус
овоог Хөвсгөлийнхөн тахин шүтсээр ирсэн түүхтэй юм.