MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Э.Анар: Дэлхийн чиг хандлагаас хоцролгүй стэйблкойн, токенжсон хуримтлалыг судлах, турших шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-14 11:54:08

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг банк, төлбөрийн системийн оролцогч финтекүүд, төрийн байгууллага болон хууль зүйн фирмийн төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.


Хурлын эхэнд Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн хүрээнд ирэх онд шинээр боловсруулах хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хийх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулж, нийт оролцогчдийн санал, хүсэлтийг нээлттэй хүлээн авч, дугуй ширээний ярилцлага өрнүүлсэн байна.


Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар ярихдаа, “ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулсан банк, санхүүгийн салбарын нэгдсэн SIBOS-2025 чуулга уулзалтаар дэлхийн томоохон улс, орнууд, Олон улсын санхүүгийн байгууллагаас блокчейнд суурилсан цахим хэтэвч, стэйблкойн, токенжсон хуримтлал болон цаашид эдгээрт суурилсан хил дамнасан төлбөр тооцооны шинэ хэрэгсэлийг хэрхэн, ямар хэлбэрээр нэвтрүүлэх талаар өргөн хэлэлцүүлэг болж өнгөрснийг дурдав. Мөн манай улсын хувьд төлбөр тооцоо гүйцэтгэх дэлхийн энэ чиг хандлагаас хоцролгүй стэйблкойн, токенжсон хуримтлалыг судлах, турших шаардлагатай байна” гэв.  


Монголбанкнаас “Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, стэйблкойныг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судална” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. Тиймээс дэлхий нийтийн төлбөр тооцоо, санхүүгийн зах зээлийн чиг хандлага болон манай улсын хувьд стэйблкойн, токенжсон хуримтлалыг хэрхэн нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.





相关新闻