ПСЖ баг "Байер"-ыг бут ниргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-22 08:19:45

БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 22. /ТАСС/. Францын “Пари Сен-Жермен” багийн хөлбөмбөгчид Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны III тойргийн тоглолтод Германы “Байер” багийг талбайд нь 7:2 харьцаагаар хожлоо.


Парисын багаас Уильям Пачо (7 дахь минут), Дезире Дуэ (41, 45+3), Хвича Кварацхелия (44), Нуну Мендеш (50), Усман Дембеле (66), Витинья (90) нар гоол оруулсан байна. Германы багийн Алеш Гарсия (38, 54) дубль хийлээ. Тоглолтын 31 дэх минутанд “Байер”-ын тоглогч Роберт Андрих талбайгаас хөөгдсөн бол 37 дахь минутанд ПСЖ-д тоглодог Украины хөлбөмбөгчин Илья Забарный улаан хуудас авсан байна.


ПСЖ бол Аваргуудын лигийн өнгөрсөн улирлын аварга бөгөөд финалд Италийн “Интер” багийг 5:0 харьцаагаар бутниргэж, тус лигт анх удаагаа аваргалсан билээ.


Энэ улиралд парисчууд Аваргуудын лигийн гурван тоглолтод дараалан хожиж, 9 оноотойгоор тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна. Эхний тоглолтыг өөрийн талбайд хийж, Италийн “Аталанта”-г 4:0-ээр, хоёр дахь тоглолтод Испанийн “Барселона”-г талбайд нь 2:1-ээр тус тус хожсон байна. 11 дүгээр сарын 4-нд болох  дараагийн тойргийн тоглолтод ПСЖ Германы “Бавариа” багийг талбайдаа хүлээж авна.  


Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатанд 36 клуб оролцож байна. Багууд нийт 8 тоглолт хийхээс 4 тоглолтыг өөрийн талбайд, 4-ийг нь өрсөлдөгч багийн талбайд хийх юм. Тэдгээрээс эхний наймд орсон багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-24 дүгээр байр эзэлсэн багууд хоорондоо нэмэлт тоглолт хийж, плей-оффт шалгарах ёстой.  

相关新闻