Petro Matad компанийн хоёр дахь цооногийг ашиглалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-11-06 15:55:59

ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /upstream/. Их Британид бүртгэлтэй “Petro Matad” хайгуулын компани Монгол дахь газрын тос олборлох хоёр дахь цооногоо аравдугаар сард ашиглалтад оруулсны дараа олборлолтынх нь хэмжээ 2 орчим хувиар өсжээ. 


“Gazelle-1” цооногийн гадаргын тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа өдөрт 200 торх газрын тос олборлож эхэлсэн гэж “Petro Matad” лхагва гарагт мэдээлсэн байна.


Тус цооногоос олборлосон газрын тосыг зэргэлдээх XIX талбай дахь боловсруулах, экспортлох цогцолборт нийлүүлж байгаа бөгөөд энэхүү цогцолборын оператор компани нь “PetroChina” юм. 

“Petro Matad”-ын өмнө нь нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн онд Монгол дахь газрын тосны нийт олборлолт өдөрт дунджаар 11 745 баррель байжээ. Үүний 95 хувийг "PetroChina" компанийн XIX, XXI талбайгаас олборлосон бөгөөд бүтээгдэхүүнийг ачааны машинаар Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хүргэжээ.


“Gazelle-1”-ээс олборлосон газрын тосыг мөн “PetroChina”-тай байгуулсан газрын тос худалдах тухай гэрээний дагуу экспортод гаргах зориулалтаар боловсруулж байгааг мөн мэдээлсэн байна.


"Petro Matad" компанийн мэдэгдсэнээр, “Heron-1” анхны цооногийг ашиглалтад оруулсан эхний жилд өдөрт дунджаар 164 баррель газрын тос олборлосон байна. Энэ хугацаанд XIX талбайн боловсруулах байгууламж руу 59 920 баррель түүхий газрын тосыг 298 удаа нийлүүлжээ.


"Heron-1" цооногоос одоо өдөрт 145 орчим баррель газрын тос олборлож байна. 

Монгол дахь гурав дахь цооног “Heron-2” дахь хүчлээс ангижруулах цэвэрлэгээний ажил дууссаны дараа арилжааны олборлолтыг ирэх наймдугаар сард эхлүүлэх зорилгоор засвар, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлж байгааг мөн тус компани мэдээлжээ. 

相关新闻