БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар хур тунадастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-06 15:50:53

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 14:30 минутын байдлаар Баянхонгор аймгийн ихэнх сум хур тунадастай байна.


Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг суманд бороо орж байгаа бол Баянхонгор, Жинст, Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр суманд цас орж байна. Харин Баацагаан сум болон Эхийн голд алсад тунадас ажиглагдаж байгаа мэдээллийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. /Алсад тунадастай гэдэг нь тухайн ажиглаж байгаа газраас зайдуу буюу харагдах алсад хур тунадас орж байгааг хэлдэг/


Тус төвийн мэдээллээр 6-7 шилжих шөнө ихэнх нутгаар, 7-ны өдөр нутгийн зарим газраар цас орно. Салхи 7, 8-нд Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар 10-12 м/с, түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.


Энэ сарын 7-ноос хүйтэрч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -20 -25 градус, өдөртөө -7 -12 градус, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -14 -19 градус, өдөртөө -3 -8 градус хүйтэн байна. Говийн нутгаар шөнөдөө -12 -17 градус, өдөртөө 0 -5 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө -8 -13 градус хүйтэн, өдөртөө 0 -5 градус дулаан байх төлөв гарчээ.

相关新闻