БАЯНХОНГОР: Хууль зүйн туслалцааны төвөөс 200 гаруй иргэн анхан шатны зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-05 15:24:29
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хууль зүйн туслалцааны төвийн Баянхонгор аймаг дахь салбар энэ онд эрүүгийн 66 хэрэг хүлээн авч, 39 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд 24 хэрэг шүүхийн шатанд, 15 хэрэг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэгджээ.

Захиргааны нэг хэрэгт гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцон нэхэмжлэлийг хангахаас татгалзан, үйлчлүүлэгчийн талд ашигтай шийдвэр гаргуулсан бол ажиллагаанд 25 хэргийн үлдэгдэлтэй байгаа талаар Хууль зүйн туслалцааны төвийн Баянхонгор аймаг дахь салбар мэдээлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл ”Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” 14 дэх хэсэг “...т заасан “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг ханган төрөөс төлбөрийн чадваргүй иргэддээ өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх тогтолцоог бий болгосон. Энэхүү төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болох Хууль зүйн туслалцааны төвийн Баянхонгор аймаг дахь салбар нь хоёр өмгөөлөгчтэйгөөр аймгийн ЗДТГ-ын 121 тоотод хуульд заасан үйлчилгээг орон нутагтаа хүргэж байгаа юм.
Тус төв анхан шатны зөвлөгөөг эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн чиглэлээр 234 иргэнд биечлэн уулзаж өгснөөс гадна 50 иргэнд эрх зүйн ач холбогдол бүхий бичиг баримтын эх буюу өргөдөл, хүсэлт, нэхэмжлэл бичиж өгч тусалсан байна. Хууль сурталчлах, сургалт мэдээллийн үйл ажиллагааг 15 удаагийн давтамжтайгаар иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэн ажиллажээ.

Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй, зорилтот бүлгийн иргэдэд хуулиар харьяалуулсан хэрэг, маргаанд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага юм. Тус төв нь ажлын алба болон салбараас бүрддэг ба одоогоор 21 аймаг, найман дүүрэг, сум дундын шүүхтэй таван суманд нийт 34 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.
相关新闻