Н.Жокович “ATP Tour”-ын тэмцээнд түрүүлсэн хамгийн ахмад тамирчин болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АФИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /TASS/. Сербийн теннисчин Новак Жокович Грекийн Афин хотноо бямба гарагт болсон “ATP 250” цувралын тэмцээний финалд Италийн теннисчин Лоренцо Музеттиг 38 нас 5 сартайдаа хожсоноор “ATP Tour” ангиллын тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн хамгийн ахмад тамирчин болжээ.
Өмнөх амжилтыг Францын теннисчин Гаэль Монфист (38 нас 4 сар) эзэмшиж байсан юм.
Сербийн теннисчин мөн хатуу хучилттай талбайн тэмцээнд түрүүлсэн тоогоор Швейцарын теннисчин Рожер Федерерийг гүйцэж, нийт 72 түрүүтэй болжээ. Түүнчлэн 20 дахь улсад болсон тэмцээнд түрүүлсэн теннисчин болсноор эл үзүүлэлтээр мөн Р.Федерерийг ардаа орхисон байна.
Өдгөө 38 настай Новак Жокович дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж байна. Афинд болсон тэмцээнд аваргалснаар тэрбээр тамирчныхаа замнал дахь 101 дэх түрүүгээ хүртлээ. Н.Жокович Их дуулгын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон юм. Мөн 2024 оны Олимпын наадмын аварга, 2008 оны Олимпын хүрэл медальт, 2010 оны Дэвисийн цомын эзэн юм. Сербийн теннисчин дэлхийн чансааг тэргүүлсэн нийт долоо хоногийн тоогоор (428) үнэмлэхүй дээд амжилтыг эзэмшиж байна.
Ulaanbaatar