“Silk Way Star” шоуны оролцогчид мартагдашгүй үзүүлбэр үзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-10 12:39:27

АСТАНА, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /Kazinform/. Казахстаны нийслэл Астана хотноо болж буй “Silk Way Star” олон улсын дууны тэмцээний найм дахь үе шат амжилттай болж, оролцогчид, үзэгчидшүүгчдэд сэтгэл хөдлөлөөр дүүрэн нэгэн үдшийг бэлэглэлээ гэж “Казинформ” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ. 


Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн оролцогчид домогт хит дуунуудыг толилуулсныг “Жибек Жоли” телевизийн сувгаар дамжуулан үзүүлсэн байна. Малайзын оролцогч Ясмин Азиз энэ шатыг “Proud Mary” дууны гайхалтай үзүүлбэрээр эхлүүлжээ. Энэ дууг Тина Тернер зэрэг домогт уран бүтээлчид дуулж байсан билээ.


Я.Азиз хэлэхдээ, энэ удаад үзэгчид түүний доторх рок дуучныг харах болно гэжээ. “Өнөө орой та бүхэн огт өөр Ясмин Азизыг харах болно” гэж тэрбээр бэлтгэлийн үеэр ярьсан байна. Хүчирхэг хоолой, тайзан дээрх гайхалтай дүр төрхөөрөө тэрбээр үзэгчдийг байлдан дагуулжээ.



Харин Тажикистаны дуучин Фахриддин Хакимов сэтгэл хөдөлгөм “Arcade” дууг дуулжээ. “Би Тажикистаныг төлөөлөн оролцож байгаагаараа бахархаж байгаа бөгөөд хайртай эх орноо финалд хүргэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Өнөө орой би та бүхэнд дахин нэг гайхалтай, сэтгэл хөдөлгөм дууг толилуулахыг хүсэж байна” гэж тэрбээр тайзан дээр гарахаасаа өмнө хэлжээ. Энэхүү үзүүлбэрээрээ Ф.Хакимов сэтгэл хөдлөл, хоолойны ур чадвар, тайзан дээр өөртөө итгэх итгэлээ харуулж чадсан байна.


Казах дуучин ALEM-ын хувьд “I Wanna Be Your Slave” хит дууг толилуулсан хүчирхэг үзүүлбэрийг толилуулжээ. “Би өөртөө урам зориг өгдөг зүйлийг үргэлж олж чаддаг. Би энэ дуунд дуртай - уур амьсгал, эрч хүч гээд бүх зүйлд нь” гэж ALEM бэлтгэлийн үеэр хэлсэн байна. Энэ удаагийн үзүүлбэрээрээ тэрбээр зоримог хэв маяг, чөлөөт сэтгэлгээ, орчин үеийн байдлыг харуулжээ.


Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Мишээл Жозеф хүчирхэг “Earth Song” дууг дуулсан байна. “Дууны аялгуу, үгийг бичих нь надад онцгой аз жаргалыг авчирдаг. Энэ бүхэн намайг зөв зам дээрээ явж байгааг хэлж өгдөг” гэж Ж.Мишээл ярилаа. Тэрбээр өөрийн үзүүлбэрээрээ дамжуулан хүн төрөлхтөн, энэрэнгүй сэтгэл, байгальтай зохицон амьдрах талаарх чин сэтгэлийн мессежийг хүргэжээ.


“Silk Way Star” нэвтрүүлэгт Хятадыг төлөөлж буй Жан Хэ Шуаны хувьд “Yíng ma le” хэмээх утга учиртай дууг дууллаа. “Энэ бол дууны тэмцээн боловч бидний хувьд нөхөрлөл гэдэг өрсөлдөөнөөс илүү чухал юм. Бидний хувьд нөхөрлөл нэгдүгээрт, өрсөлдөөн хоёрдугаарт ордог. Тийм ч учраас өнөөдөр миний тоглож буй дуу эв нэгдэл, энх тайван, гэр бүлийн аз жаргалыг магтан дуулж байгаа бөгөөд сонсож буй хүн бүр үүнийг мэдэрч чадна гэдэгт найдаж байна. 12 оролцогч бүгд нэг том гэр бүл шиг санагдаж, тайзан дээр хамгийн сайн үзүүлбэрээ үзүүлнэ хэмээн найдаж байна” гэж Жан Хэ Шуан хэлжээ.


Наймдугаар шатны дүнгээр Я.Азиз 128 оноогоор тэргүүлж, нийт онооны хүснэгтэд тэргүүн байр эзэлсэн байна. Ф.Хакимов хамгийн бага оноо авсан боловч шүүгч, Хятадын нэрт продюсер Хонг Бингийн ачаар тэмцээндээ үлджээ. Эдгээр найман оролцогч бүгд Астанад болох хагас шигшээ шатанд шалгарах бөгөөд Казахстаны ододтой хамт дуэт хийх зэргээр сэтгэл хөдөлгөм шинэ бүтээлч даалгавруудыг гүйцэтгэх ажээ.

 



相关新闻