MGL-1, Монголын холимог тулааны холбоотой хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Монголын холимог тулааны холбоотой хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ингэснээр хоёр тал Монголд холимог тулааны спортыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд нэгэндээ харилцан дэмжлэг үзүүлэхээр болж байна. MGL-1 нь мэргэжлийн тулааныг Монголд хөгжүүлж, тамирчдыг олноор нь гаргах зорилготой ажилладаг. Харин холимог тулааны холбоо нь сонирхогчдыг нэмэх, энэ төрлөөр хичээллэгсдэд анхан шатных нь гүүр болох зорилготой аж. Энэ төрлөөр монголчууд тив, дэлхий, олон улсад өндөр амжилт үзүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсаар ирсэн. Тухайлбал, UFC, One Championship, JCK MMA зэрэг нэр хүндтэй холбоод манай тамирчидтай гэрээ байгуулж байна.
Тиймээс Монголын баг тамирчдынхаа олон улсын тавцан дахь амжилтыг
ахиулах, шинэ үеийн шилдэг тамирчдыг бэлтгэх, олон улсын тулааныг эх орондоо зохион байгуулах, төсөл
хөтөлбөр хэрэгжүүлэх, холимог тулааныг системтэй жигд хөгжүүлэхийн тулд дээрх
хоёр холбоо хамтран ажиллана.
Ulaanbaatar