Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн судалгааг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-15 09:33:17

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ГХЯ, олон улсын Улаан загалмай хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран гүйцэтгэсэн “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэсний хэмжээнд дэх хэрэгжилтийн судалгаа”-г танилцууллаа.


Судалгааг ГХЯ, ОУУЗХ, МУЗН-йн байгуулсан гурван талт санамж бичгийн хүрээнд 2021 онд эхлүүлж, үндэсний болон олон улсын мэргэжилтнийн хамтын ажиллагаа, судалгааны дүнд дуусгаад байна. Судалгааны хүрээнд олон улсын хүмүүнлэгийн эрх зүй Монгол Улсын дотоодын хууль, тогтоомжид хэрхэн нийцэж буйг судалж, салбарын баримт бичгийн хэрэгжилтийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмж боловсруулжээ.


ГХ-ны сайд Б.Батцэцэг энэ үеэр хэлэхдээ, “Судалгаа нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг бэхжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд тогтвортой, харилцан уялдаа бүхий арга хэмжээг авах шинэ шатны эхлэл” хэмээн онцлов.



ОУУЗХ-ны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын дарга, Ерөнхийлөгчийн тусгай элч Балтазар Стаехэлин Монгол Улсын бүс нутаг дахь манлайлал, судалгааны ач холбогдлыг онцолж, “Судалгаа нь зөвхөн Монголд бус Ази тивд чухал ахиц дэвшил авчирна. Судалгаанаас олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэх, сахин биелүүлэх соёлыг бий болгоход тухайн улсын эрх баригч, хүмүүнлэгийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түншлэл хэр чухлыг харж болно. Монгол Улсын Засгийн газар, МУЗН-тэй хамтын ажиллагаа, түншлэлээ үргэлжлүүлэхэд таатай байх болно” гэжээ.


МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа МУЗН нь төрийн байгууллагыг дэмжих, хүч болох, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах, улс даяарх хүмүүнлэгийн үйл ажиллагааг бэхжүүлэх хууль ёсны үүрэгтэйг онцлоод, судалгааг ГХЯ, ОУУЗХ-той хамтран боловсруулсан нь чухал ахиц юм. Төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын өргөн хүрээний хамтын ажиллагааны үндэс болж байгааг дурдав.



ГХЯ, ОУУЗХ, МУЗН-ийн төлөөлөгч, судлаач нар “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн дотоодын хэрэгжилтийн судалгаа, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” хэлэлцүүлэгт оролцов. Энэ үеэр Монгол Улс дахь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг дүгнэсэн судалгааны үр дүн, зөвлөмжийг хэлэлцэж, энэ чиглэлээр төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, чадавхыг бэхжүүлэхийн чухлыг онцолжээ. Хэлэлцүүлэгт төрийн болон ОУУЗХ, Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчийн газрууд, эрдэмтэн судлаачдын 50 гаруй төлөөлөл оролцсон ажээ. 

相关新闻