УВС: Гагнуурчны ангийн сурагчдын дунд ур чадварын уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны
арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн
гагнуурчны хоёрдугаар ангийн суралцагчдын дунд ур чадварын уралдаан боллоо.
Тус коллежийн
гагнуурчны ангийн суралцагчдын мэргэжлийн өрсөлдөх ур чадварыг сайжруулах,
хамтдаа хөгжих, багаар ажиллах, харилцан туршлага солилцох чадамжуудыг дээшлүүлэх
зорилгоор түншлэгчдийн нэрэмжит “Ажил мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг зохион
байгуулсан юм.
Уралдаанд Ч.Дашнамжил
багштай Гагнуурчны хоёрдугаар ангийн 20 гаруй суралцагч оролцож, тэргүүн байрт Д.Цэдэн-Иш, хоёрдугаар байрт А.Хүдэрчулуун, гуравдугаар байрт С.Мянганбуу,
тусгай байрт Б.Түвшинбаяр нар орлоо.
Ур чадварын уралдааныг Улаангом политехник коллежийн түншлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, гагнуурчин А.Сэргэлэнтунгалаг, Цэрэнтогтох, Д.Баяндалай, Цэндээ нар ивээн тэтгэж, суралцагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Улаангом политехник коллежийн гагнуурчны ангийг жилд 20 гаруй хүүхэд төгсдөг бөгөөд мэргэжлийн ур чадварын уралдааныг суралцагчдын дунд жил бүр зохион байгуулдаг.

Ulaanbaatar