Ясан сийлбэрийг урлахуйн өв болгон хөгжүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-20 16:41:10

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас санаачлан “Монгол бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд “Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.


Энэхүү үзэсгэлэн нэн эртнээс өнөөг хүртэлх ясан сийлбэрийн уламжлал болон монгол урчуудын ур ухаанаар бүтсэн мал амьтны ясан сийлбэр, зааны соёог зүсэж, жижиглэн хийсэн сийлбэр, улмаар заааны соёоны үндсэн хэв шинжийг алдагдуулахгүйгээр сийлсэн бүтээлийг таниулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.


Монголчууд мал аж ахуй эрхлэн, малын яс, амьтны ясны онцлогт тулгуурласан ясан эд эдлэл хийхийн сацуу, тэдгээрийг хэрэглэх явцдаа сийлбэр хийж төгөлдөржүүлсээр ясан сийлбэрийг урлахуйн гайхамшигт өв болгон хөгжүүлж иржээ.


Тус музейн сан хөмрөгт хадгалж буй ясан эдлэл, ясан сийлбэрийн бүтээл нь археологийн малтлага судалгаанаас илэрсэн ясан эдлэл, ясан сийлбэр, XVIII-XX зууны үед хамаарах шашны зан үйл болон ахуй, гоёл чимэглэл, урлагийн бүтээлийн холбогдолтой 120 дэсийн 148 гаруй үзмэрээс бүрдсэн гэдгийг Монголын Үндэсний музейн Бүртгэл мэдээллийн санч Б.Буян-Орших тодотгов. Мөн тэрбээр, “Манай музей өөрийн сан хөмрөгт хадгалж буй ясан сийлбэрийн ховор нандин бүтээлээс анх удаа дээжлэн толилуулж байна. Эдгээр үзмэрийн дотор монгол нутагт эрт үед амьдарч байсан хүмүүс, Хүннүгийн үеийн булш, оршуулгын дурсгалаас олдсон ясан эдлэл, сийлбэр багтдаг. Мөн монголчуудын гоёл чимэглэл, тоглоом наадгайн уламжлалтай холбоотой төрөл бүрийн ясан эдлэлүүд бий” гэв.


Монгол ясан сийлбэрийн гол онцлог нь тухайн бүс нутгийн онцлог болон монголчуудын уламжлалт соёл, зан заншил шингэсэн байдаг. Уламжлалт мал аж ахуйн ахуй, дүрслэл ихээр тусгасан нь дэлхийн бусад орны ижил төрлийн бүтээлээс ялгардаг гол шинж юм. Монголын нэртэй урчуудын ясан сийлбэрийн бүтээл соёлын өв, уран бүтээлийн гайхамшигт зүй ёсоор багтаж байна.


Мөн үзэсгэлэнд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, чимэглэлийн урлагийн нэрт мастер, том хэмжээний ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэгч С.Сэнгээ түүний хүү С.Базар, Ардын зураач, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн уран сийлбэрч Л.Чуваамэд болон 1952 онд анх сууриа тавьсан “Урчуудын артель”-ийн урчууд Л.Дорж, Д.Гүнд Ц.Минжүүр нарын ясан сийлбэр  багтжээ.


Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.




相关新闻