Башёд түрүүлсэн анхны украин сумоч - Аонишики

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-24 10:36:54

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /NHK/. Аонишики ням гарагт болсон шийдвэрлэх барилдаанд Ёкозүна Хоошёорюүг давснаар Японы мэргэжлийн сумогийн башёд түрүүлсэн Украины анхны сумоч болжээ. 


Аонишики 11 дүгээр сарын тэмцээний сүүлчийн өдөр озэки Котозакүраг давсан байна. Үүний дараа тэрбээр өөртэй нь адил 12 даваа, гурван унаатай байсан Хоошёорюүтэй барилдаж давжээ.


Өдгөө 21 настай Аонишикигийн жинхэнэ нэрийг Данило Явгусишин гэдэг бөгөөд Кюшю башёгээс гурав дахь дээд цол болох сэкивакэ цол хүртсэн байна. Тэрбээр энэ цолонд 13 дахь тэмцээнийхээ дараа буюу хамгийн богино хугацаанд хүрчээ.  


Аонишики тэмцээнд түрүүлснийхээ дараа өгсөн ярилцлагадаа өөрийн мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй байгаагаа хэлээд, энэ оны сүүлчийн тэмцээнд түрүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн үргэлж түгшиж байсан талаараа дурдаад, ердийнх шигээ барилдсан хэмээн ярьжээ.


Түүнчлэн багшийнхаа зааж сургасны дагуу тууштай хичээл зүтгэл гаргасны дүнд энэ амжилтад хүрлээ гэж хэлжээ. Озэки буюу хоёр дахь өндөр цолонд дэвшиж барилдах боломжтой эсэх талаар асуухад Аонишики илүү өндөр цолонд хүрэхийг хүсэж байна хэмээн хариулаад, өөрийн замнал дахь зөв замыг сонгосон гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.



相关新闻