БУЛГАН: "Хүйс толгойн хөшөөний бичээс" өвийн батламжийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-24 13:49:20

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслол 11 дүгээр сарын 21-ний өдөр "Чингис хаан" үндэсний музейд болсон билээ.


Монгол Улсаас ЮНЕСКО-гийн холбогдох жагсаалтад амжилттай бүртгүүлсэн "Хүйс толгойн хөшөөний бичээс" өвийн батламжийг Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт гардуулан өгөв.


Хүйс толгойн бичээс нь Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон соёлын үнэт дурсгал юм.


Одоогоор мэдэгдэж буй монгол бичгийн хамгийн эртний дурсгал нь 1224-1225 онд хамаарах “Чингисийн чулууны бичиг” бол түүнээс даруй 600 гаруй /одоогоос 1400 гаруй/ жилийн өмнө брахми үсгээр бичигдсэн Хүйс толгойн бичээс нь монгол хэлний хамгийн эртний дурсгалд тооцогдож байна.

 

Хүйс толгойн бичээс нь 154 см өндөр, 41 см өргөн, 15 см зузаан, хар саарал өнгийн боржин чулуун тэгш гадаргуу дээр 11 мөр монгол хэлээр, брахми үсгээр сийлсэн бичээс бүхий хөшөө юм.





相关新闻