Пакистанаас Афганистанд агаарын цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-25 17:31:01

КАБУЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /DW/. Пакистанаас Афганистаны зүүн нутагт агаарын цохилт өгсний улмаас 10 энгийн иргэн, түүний дотор есөн хүүхэд амиа алдсан гэж Талибан” хөдөлгөөн мягмар гарагт буюу өнөөдөр мэдэгджээ.


Пакистаны тагнуулын эх сурвалжуудаас dpa агентлагт мэдээлснээр, хилийн Хост муж болон бусад бүс нутагт байрлах Пакистаны талибуудын нуугдаж буй газруудыг онилон цохилт өгсөн байна. “Олон тооны босогчийг устгасан бөгөөд бид энэ ажиллагааг үргэлжлүүлэх болно” гэж нэгэн төлөөлөгч dpa-д мэдээлжээ.


Талибуудын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид X хуудсандаа бичихдээ, Пакистаны хүчин даваа гаргийн орой Хост мужид “нутгийн иргэний гэрийг бөмбөгдөж”, нэг эмэгтэй, есөн хүүхдийн аминд хүрсэн гэжээ. Мөн Кунар, Пактика мужуудад цохилт өгсний улмаас дөрвөн энгийн иргэн шархадсан гэж мэдэгдсэн байна. З.Мужахид агаарын цохилтыг буруушаагаад, “Талибан”-ы засгийн газар “зөв цагтаа зохих ёсоор хариу арга хэмжээ авах болно” гэж бичжээ.


Эдгээр цохилт нь Пакистан, Афганистаны хооронд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд үүсээгүй аймшигтай мөргөлдөөний дараа өнгөрсөн сард хөрш орнуудын хооронд тохиролцсон гал зогсоох хэлэлцээрийг эрсдэлд оруулж байна.


Пешаварт амиа золиослогч этгээдүүд тэсрэх төхөөрөг дэлбэлжээ

Агаарын цохилт өгөхөөс нэг өдрийн өмнө амиа золиослогч этгээдүүд Пакистаны Пешавар хотын аюулгүй байдлын цогцолборыг онилон халдлага үйлдсэний улмаас гурван алба хаагч амиа алдаж, 11 хүн шархадсан гэж цагдаа нар мэдэгджээ. Бөмбөгдөлтийн хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байгаа боловч төрийн мэдлийн PTV телевизийн мэдээлснээр халдлага үйлдсэн хүмүүс Афганистаны иргэд байжээ.


Пакистаны Ерөнхийлөгч Асиф Зардари уг халдлагад Пакистаны “Талибан” бүлэглэлийг буруутгасан байна. Энэ сарын эхээр тус бүлэглэл Исламабад хотод 12 хүний ​​ аминд хүрсэн амиа золиослогч этгээдийн халдлагын хариуцлагыг хүлээсэн юм. Пакистаны тал мэдэгдэхдээ, уг бүлэглэл “Афганистанд төвтэй дээд командлалын удирдлага дор” халдлагыг үйлдсэн гэсэн байна.


Афганистан-Пакистаны харилцаа муудаж байна 

Хөрш орнуудын харилцаа 2021 онд талибууд Афганистанд засгийн эрхэнд гарснаас хойш эрс муудсан юм. Энэ оны 10 дугаар сард хоёр улсын хил дээр мөргөлдөөн болж, хоёр талын 70 орчим хүн амиа алдсан байна.


Афганистан, Пакистаны хоорондох энхийн хэлэлцээ мухардалд ороод байгаа бөгөөд талибуудын засгийн газар үүнийг Пакистаны “хариуцлагагүй, хамтран ажиллах сонирхолгүй” хандлагаас үүдэлтэй хэмээн буруутгажээ.


Пакистаны эсрэг ажиллагаа явуулж буй “Талибан”-ы босогчдод арга хэмжээ авахыг Пакистаны эрх баригчид Кабулаас шаардсаар ирсэн байна.

相关新闻