ГОВЬ-АЛТАЙ: Иргэний андгай өргөх ёслолд 1092 сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-28 12:11:11

Есөнбулаг 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор Алтай суманд иргэний андгай өргөх ёслолыг энэ сарын 27-нд зохион байгууллаа.  


1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх сууриа тавьсан түүхэн өдөр билээ.


Энэхүү түүхэн үйл явдлын үнэ цэнийг алдагдуулалгүй өвлүүлэх, мөнхжүүлэн дурсах зорилтын хүрээнд 16 нас хүрч, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй өсвөр үе, залуучуудын “Иргэний андгай өргөх” ёслолыг зохион байгуулжээ. 




Мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, “Өсвөр үе, залуучууд та бүхэн түүх, соёлоо дээдэлсэн эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн бие хүн болж төлөвшин, Алтай нутгийнхаа хөгжил дэвшлийг хамтран бүтээх нь бидний нийтлэг зорилт, үе үеийн ухамсар байх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.


Иргэний андгай өргөх ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан, “Бяцхан туслагч” номын зохиогч Н.Лхагвадорж ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө, англи хэлний сургалт зохион байгуулж, өөрийн бичсэн номоо бэлэглэн сурагчдын боловсролд үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан юм.


Ёслолд 1092 сурагч хамрагдсан тухай Говь-Алтай аймгийн Соёл,урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээллээ. 

相关新闻