Өмнөд Солонгос Азийн АШТ-ийг Японтой хамтран зохион байгуулах хүсэлт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-28 14:35:45

СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгос 2035 оны хөл бөмбөгийн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ зохион байгуулахын тулд Японтой хамтран хүсэлт гаргахаар төлөвлөж байна. 


Манай холбоо Азийн хөл бөмбөгийн холбооны /AFC/ 2035 оны Азийн цомын тэмцээнийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргах төлөвлөгөөнийхөө талаар Спортын яаманд мэдэгдсэн гэж Солонгосын хөл бөмбөгийн холбооны /KFA/ албан тушаалтан өнөөдөр мэдээлжээ.


“Бид Японы хөл бөмбөгийн холбоотой ажил хэргийн түвшний хэлэлцээгээр дамжуулан Азийн цомын тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар санал солилцсон. Бид уг тэмцээнийг хамтран зохион байгуулснаар зардлаа хэрхэн хэмнэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн” гэж тэрбээр хэлсэн байна.


Өмнөд Солонгос, Япон улсууд өмнө нь 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ хамтран зохион байгуулж байсан билээ.


Энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгос 2031 оны Азийн цомын тэмцээнийг зохион байгуулах “сонирхлоо илэрхийлэх” маягтаа AFC-д хүргүүлжээ. AFC уг тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө түүхэндээ хамгийн олон буюу долоон хүсэлт хүлээн авсан бөгөөд Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, Индонез, Кувейт, АНЭУ-аас гадна Киргиз, Тажикистан, Узбекистан улсууд хамтарсан хүсэлт гаргасан байна. Харин АНЭУ пүрэв гарагт хүсэлтээ татжээ.


Хожим нь Азийн хөл бөмбөгийн холбоо 2031 болон 2035 оны Азийн цомын тэмцээнийг зохион байгуулагчдыг нэгэн зэрэг сонгохоор шийдвэрлэсэнээр 2035 оны тэмцээнийг зохион байгуулах сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацааг 12 дугаар сарын 31-нд байхаар товлосон байна. Ингэснээр засгийн газрын баталгаа зэрэг албан ёсны хүсэлттэй холбоотой бүх баримт бичгийг 2026 оны зургаадугаар сарын 30-ны дотор AFC-д ирүүлэх ёстой. Улмаар AFC-ны төлөөлөгчид тухайн улсад очиж хяналт шалгалт хийсний дараа 2031 болон 2035 оны тэмцээний зохион байгуулагчдыг 2027 онд сонгох ажээ.


AFC-ны Азийн цомын тэмцээн анх 1956 онд болж байсан бөгөөд Өмнөд Солонгос 1960 оны хоёр дахь тэмцээнийг зохион байгуулж байжээ. Энэ нь тус улс тэмцээнд түрүүлсэн сүүлчийн тохиолдол байлаа. Өмнөд Солонгос 2023 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд Катарт ялагдсан бөгөөд уг тэмцээн 2024 оны эхээр болсон юм. Харин 2027 оны тэмцээн Саудын Арабад болно.


Хятад 2004 оны тэмцээнийг зохион байгуулснаас хойш AFC-ны хамгийн том тэмцээн Зүүн Азид болж байгаагүй юм. Индонез, Малайз, Тайланд, Вьетнам улсууд 2007 оны тэмцээнийг хамтран зохион байгуулсан бол Катар 2011, 2024 оны тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Улмаар Австрали 2015 онд, дараа нь АНЭУ 2019 онд тус тус зохион байгуулсан билээ.

 


相关新闻