Элчин сайд Ө.Батбаяр Мехико хотноо ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр тус улсад өнгөрсөн сарын 27-28-нд ажиллав.
Элчин сайд Ө.Батбаяр Мехико хотноо ажиллах үеэрээ Гадаад
хэргийн дэд сайд Мария Тэрэза Мэркадо Пэрэс, Мексик-Монголын парламентын
найрамдлын бүлгийн дарга, Депутат Татьяна Тонантзин П.Анхелес Морено, Олон
улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн гүйцэтгэх захирал Алехандра Дел
Морал Вела, Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын танхимуудын үндэсний холбооны
сангийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Роза Элэна Гарсиа Хидалго нартай тус
тус уулзлаа.
Эдгээр уулзалтаар талууд хоёр улсын харилцааны өнгөрсөн 50
жилийн ололт амжилтыг дүгнэж, хоёр улсын харилцааг ирээдүйд өргөжүүлэн
хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, цаашид улс төр, худалдаа, хөрөнгө
оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл болон шинжлэх ухааны
салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал
солилцов.
Мөн үеэр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүлээн авалтыг Дэлхийн соёлын үндэсний музейд зохион байгууллаа. Мөн үеэр тус "Хүрээ цам-108” үзэсгэлэнг нээж, "Анура" хөгжмийн академийн уран бүтээлчдийн тоглолтоор үндэсний соёл урлагаа сурталчилсан юм. Түүнчлэн тус музейд дэлгэсэн Францын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг ирсэн зочдод сонирхууллаа гэж АНУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Ulaanbaatar