МОНЦАМЭ агентлаг байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-05 17:28:55

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх иргэд, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна.


Учир нь БОУАӨЯ, Монголын Байгалийн өв сан, Дэ Нэйче консерванси байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зарласан “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэх грант”-д шалгарч, агентлагийн дарга Х.Энх-Орших өнөөдөр батламжийг гардан авсан юм.


Ингэснээр МОНЦАМЭ агентлаг улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон байгаль хамгаалахын ач холбогдол, үр нөлөөний талаарх мэдээ мэдээлэл, сурвалжлагыг олон нийтэд хүргэхэд түлхүү анхаарна гэсэн үг юм.


Энэ талаар Монголын Байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь,Байгаль хамгаалахад бүх хүний дэмжлэгээс гадна иргэдийн байгаль хамгаалах хүсэл бахархал хэрэгтэй байдаг. Үүний тулд байгаль хамгаалагчид юу хийдэг, эх дэлхийгээ хайрлаж хамгаалахын ач тус, ТХГН-ийн үнэ цэнийг ойлгуулах ажлыг судалгаатай хийхээр төлөвлөсөн. Үүнд хэвлэл мэдээллийн оролцоо маш чухал тул мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Монгол контент”, “Peak media”-г 50 орчим байгууллагаас шалгаруулж, ТХГН-ийн тухай мэдлэг ойлголтыг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхэд хамтарч ажиллах батламжаа гардууллаа. Орон нутгийн иргэд, залуус, төр засаг, хувийн хэвшил гэсэн зорилтот бүлэгт таарсан мэдээлэл бэлтгэж түгээнэ" хэмээв. 


Тухайлбал, ТХГН-ийн хураамж яагаад авдаг, үүнийг байгаль хамгаалахад хэрхэн зарцуулдаг, байгаль хамгаалалх санхүүжилт яаж олдог, ТХГН-ийн захиргаад менежментээ хэрхэн сайжруулах, дэд бүтцээ олон улсын стандартын дагуу яаж шинэчлэх гэхчлэн үр дүнтэй хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл хүргэнэ. Мөн олон улсад трэнд болоод буй байгаль хамгаалах чиглэлийн мэргэжлийн талаарх олон улсын чиг хандлага, боломжийг залууст ойлгуулахад хамтарч ажиллах юм. 


相关新闻