Өмнөд Солонгос ховор металлын салбарын хамтын ажиллагааны төвийг Монголд нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-12-11 18:02:40

СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /Yonhap/. БНСУ ховор металлын салбарын хамтын ажиллагааны төвийг Монгол Улсад энэ долоо хоногт албан ёсоор нээнэ гэж Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрдэс баялгийн яам пүрэв гарагт мэдээлжээ. Энэхүү төвийг Зүүн Азийн тус улсад газрын ховор металлын нөөцийнхөө үйлдвэрлэлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нээж байгаа ажээ. 


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Шинжлэх ухаан, Технологийн их сургуульд байрлах тус төвийн үйл ажиллагааг баасан гаргаас эхлүүлнэ.


Энэхүү төвийг Монголд хэрэгжүүлж буй Өмнөд Солонгосын албан ёсны хөгжлийн тусламжийн төслийн хүрээнд байгуулжээ. 


Тус төвд вольфрам, молибден, литий зэрэг Монголд байгаа ховор металлуудыг судалж, мөн боловсруулах, цэвэршүүлэх технологийн сургалт явуулах юм. Ингэснээр тус улсын ховор металлын нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тусална. 


Аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, энэ төв нь стратегийн ач холбогдолтой түүхий эдийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны суурийг тавьж, урт хугацаандаа БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад хувь нэмэр оруулах аж.


Өмнөд Солонгос ховор металлын салбарын хамтын ажиллагааны төвүүдийг мөн Узбекистан, Вьетнам, Казахстан, Индонез зэрэг улсуудад  байгуулахаар төлөвлөж байна.

相关新闻