ӨМНӨГОВЬ: "Оюу толгой" компани мал аж ахуйн төслийг Ханбогд суманд хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Оюу толгой" ХХК Ханбогд суманд 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй мал аж ахуйн төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлэх мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төслүүдийн оролцогч талууд болох Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, сумын нийт малчин өрхүүдийг хамруулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо болон “Оюу толгой” компани уулзалт зохион байгуулж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах, ингэний сүү бэлтгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх, хонины ноосон бордоо бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Энэхүү төслүүд нь малчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг бий болгох ач холбогдолтой.
Эхний шатны “Махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм
байгуулах” төсөлд “Оюу толгой” компани 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож,
хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах, урт хугацааны стратеги төлөвлөгөө
боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Ulaanbaatar