ГОВЬ-АЛТАЙ: Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг усан эмчилгээг шинээр нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-18 15:51:05

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг халгайн рашаан эмчилгээ буюу усан эмчилгээ хийж эхэллээ. 


Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчдийнхээ хандив болон байгууллагынхаа бүтээлч ажил аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэйгээ хамтран усан эмчилгээний өрөөг ашиглалтад оруулжээ. 


Эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэн аймгийнхаа иргэдэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх боломжийг ийнхүү нээж усан эмчилгээ хийж эхэлсэн байна. Ингэхдээ халуун чанартай халгай ургамлыг гар аргаар түүж бэлтгэн стандартын дагуу хатаасны үр дүнд “Халгайн рашаан эмчилгээ”-г шинээр эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлсэн тухай тус эмнэлгийн их эмч У.Дуламсүрэн онцоллоо. 


Уламжлалт анагаах ухаанд халгай нь халуун чанартай тул ядаргаа тайлах чадвараараа хамгийн дээд зэргийн ургамалд тооцогддог ажээ. Энэ эмчилгээг шинээр нэвтрүүлснээрээ хордлого тайлах, хөлөргөх, тайвшруулах чухал ач холбогдолтой гэдгийг нэмж ярилаа.


Тус эмнэлгийн хамт олон иргэдэд өрнө-дорны анагаах ухааны онол арга зүйг хослуулан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх үйл ажиллагааг ёс заншил, ахуй нөхцөл, уламжлалтай уялдуулан чанар, хүртээмжтэй үзүүлж буй.


Өдгөө уламжлалт, сэргээн засах 20 гаруй төрлийн 108 нэрийн эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу Уламжлалт анагаахын шинжлэх ухааны техникийн үйлдвэрлэлийн корпорацын улсын чанартай ДЭМБ-ын GMP-ийн чанарын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн тан, эрдэнийн үрэл болон орон нутгийн эмийн ургамал зэрэг 50-60 нэр төрлийн эмээр үйлчилгээ үзүүлдэг юм.



相关新闻