ГОВЬ-АЛТАЙ: Гал тахих ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-22 10:04:52

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол туульсын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Туульсын хаан Жангар амилах үдэш–2025” тууль хайлах арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотноо 12 дугаар сарын 21-нд уламжлалт гал тахих ёслол боллоо.


Энэхүү ёслолд ард иргэд, соёл урлагийн зүтгэлтнүүд өргөнөөр оролцож, монгол түмний оюуны өв, язгуур соёл, тууль хайлах уламжлал, байгаль дэлхий, гал голомтоо тахин шүтэх зан үйлийг хүндэтгэн дээдэллээ.


Монгол Улсын Төрийн батламжит туульч, МУСТА Э.Баатаржаваас галын тахилгын зан үйлийн талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ: 

-"Говь-Алтай аймгийнхан эртний зан үйл 13 овоо галын тахилгаараа Жангар туулийг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх нээлтийн ёслолоо амжилт хийлээ. Нутгийнхаа хөрсөнд ургадаг ургамлын дээж, арвай буудай энэ бүгдээр тахилга хийсэн нь жигүүртний олон хаадын амьсгалаар хүн зон, ан амьтны төлөө ерөөл ирдэг гэж үздэг. Үүний зэрэгцээ Алтайн 13 овоо гэдэг бол хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн тахиж огторгуйн их галаас хээрийн галыг таслан аваад, тэрхүү хээрийн галаас гэрийн галдаа таслан бадраадаг дарааллаар ёслол төгөлдөр үйл ажиллагаа боллоо" гэв.


Гал тахилгын үеэр галын тахилга үйлдэж, ерөөл магтаал өргөхийн зэрэгцээ тууль хайлах зан үйлийн утга агуулга, түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилсан нь онцлог байв.

相关新闻