Тусгаар тогтнолын далбааг мандуулах ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-26 10:56:41

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол” Үндэсний Номын сангийн төв байрны гадна талбайд энэ сарын 29-ний морин цагт болно.


Энэ үеэр Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын сангийн сан хөмрөгт шилжүүлсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн 9 ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” үзэсгэлэнг Үнэт ховор номын музейдээ дэлгэн толилуулах юм. Мөн Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг зохион байгуулахыг Үндэсний Номын сангаас мэдээлэв. 


Харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олноо тунхаглан зарласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нь билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 9-ний бэлгэт сайн өдөр байсан бол өнөө жил 114 жилийн ойн баярын өдөр өвлийн дунд сарын шинийн 10-ны өдөр тохиож байгаа ажээ. 

相关新闻