Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг байгуулсны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан Эх орончдын өдөрт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо.
Долоон жилийн дараа дахин сэргээсэн энэхүү барилдаанд аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, заан С.Сүхбат, харцага Б.Зоригтбаатар, Н.Золбоо тэргүүтэй улсын цолтой 20 бөх магнайлан барилдав. Тус барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат үзүүрлэв.
Харин их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхланд гардуулсан юм.
Хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулсан Эх орончдын өдрийн отгон барилдаанд улсын аварга О.Хангай харцага цолтойдоо түрүүлж байсан бөгөөд дараалан түрүүлэх зорилготой ирсэн. Харин улсын арслан Э.Батмагнай бөхийн өргөөний барилдаанд гурван өдөр дараалан түрүүлсэн анхны бөх болох зорилготой байв. Гэвч тэрбээр нэгийн даваанд өвдөг шороодсон бол О.Хангай аварга их шөвөгт шалгарлаа.



