Улсын начин У.Балжиннямын нэрэмжит барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин У.Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 7-ны бямба гарагт болно.
Тус барилдааны тасалбар өчигдөр худалдаанд гарсан бөгөөд түрүүлсэн бөх 10, үзүүрлэсэн нь 6.0, их шөвөг 3.0, дунд шөвөг 1.0 сая төгрөгийн бай гардах аж. Үүнээс гадна барилдааны үеэр азтанууд тодруулж, “Приус-55” маркийн авто машин, таван үзэгч нэг сая төгрөг, есөн азтан сарнай цэцгийн баглаа хожно.
Улсын начин У.Балжинням “Би бие багатай байсан болохоор олон жил аавынхаа морьдыг унаж уралдсан. Одоо ч нэг их томгүй. Тухайн үедээ өөрийгөө нэлмийсэн амьтан л гэж боддог байсан тулдаа начин болсон байх. Жижиг гэдгээ мэдсэн бол барилдахгүй ч байж магадгүй. 1989 онд Улаанбаатарт ирээд улсын цирк дээр О.Одгэрэл зааны хамт бэлтгэл хийж байгаад, 1993 онд чөлөөт бөхийн улсын аваргаас медаль авч байлаа. Тэгээд “Хүч” спорт хороонд Ч.Бямбадорж зааны шавь болсноор бөхийн зам руу эргэлтгүй орсон” хэмээн ярьжээ.
Түүний хувьд бие жижиг учраас багадаа найман жилийн хугацаанд аавынхаа хурдны морийг унасан байна. Улмаар 1995 онд Завханы баяр наадамд тав давж аймгийн начин, 1996 онд Бүх цэргийн наадамд зургаа давж үзүүрлэн цэргийн заан, 1997 онд Ардын хувьсгалын 76 жилийн ойгоор улсын заан Ө.Тулгаагаар дөрөв, заан Д.Хишигдоржоор тав давж Монгол Улсын начин цолтон болжээ.
