Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын шилдгүүдийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн 2025-2026 оны улирлын шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа.
Улирлын шилдгүүдээс хамгийн их анхаарал татдаг шагнал нь “Үнэ цэнтэй тоглогч”. Тэгвэл 2025-2026 оны улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Би Си Эйс Найтс” багийн ахлагч, довтлогч О.Эрдэнэцогт тодорлоо. Тэрбээр энэ улирлын 27 тоглолтод оролцохдоо 13.9 оноо, 4.9 самбар, 5.9 оновчтой дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт дунджилжээ. Түүнчлэн чөлөөт шидэлтийг 84 хувьтай шидсэн байна. О.Эрдэнэцогт шагналаа гардаж авсны дараа “Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяр баяртай байна. Өчигдөр орой надад хэлэхэд би итгээгүй. Үнэхээр гайхсан. Харин өнөөдөр яг өөрийнхөө нэрийг зарлуулаад тайзан дээр гарахад огшдог юм байна. Сэтгэл их хөдөллөө. Сэтгэл хөдлөлөө нууж чадсангүй. Энэ зөвхөн хувь хүний шагнал гэхээсээ илүүтэй өнөөдрийн амжилтад хүрсэн миний багийнхны шагнал юм. Тэд үүнийг хүртэх ёстой. Унасан, боссон бүх цаг үед намайг дэмжиж байсан хайртай гэр бүл, үнэнч фэнүүддээ баярлалаа. Улам их хичээх болно оо” гэв.

Түүнчлэн улсын арслан Д.Ганхуяг агсны хүү “Эс Жи Эйпс”-ийн тоглогч Г.Дөлгөөн “Шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагнал хүртлээ. Түүний хувьд улирлын 23 тоглолтод оролцохдоо 16.2 оноо, 9.0 самбар, 1.1 бөмбөг таслалт, 0.8 хаалт дунджилсан байна. Шагналаа авсны дараа баярын сэтгэгдлийг нь хуваалцахад “Маш их баяртай байна. Монголдоо ирээд эхний жилдээ амжилттай тоглож байна. Шагнал авснаараа бүх зүйл дуусахгүй. Одоо плей-офф үргэлжилж байгаа. Улам их хичээж, сайжрах болно. Ш.Энхийн-Од найздаа баярлалаа. Үргэлж холбоотой байж, зөвөлгөө өгдөг. Намайг Монголд ирэхэд “Жинхэнэ про тамирчин ямар байдгийг харуулаарай” гэж надад хэлж байсан юм. Эцэст нь, хайртай гэр бүлийнхэндээ, багийнхандаа, дэмжигчдэдээ баярлалаа” хэмээн ярилаа.

Тэгвэл улирлын “Амжилт нь ахисан тоглогч”-ийн шагналыг лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн холбогч Б.Барсболд гардлаа. Тэрбээр өнгөрсөн улиралд 7.9 оноо, 3.6 самбар, 3.1 оновчтой дамжуулалт, 2.1 бөмбөг таслалт дунджилсан. Харин энэ улиралд 26 тоглолтод оролцохдоо 12.0 оноо, 4.5 самбар, 5.7 оновчтой дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт дунджилсан статистиктай байна. “Маш их баярлалаа. Энэ шагналыг авна гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан. Яагаад гэвэл өнгөрсөн улирлын статистик үзүүлэлтээ сайжруулж чадсан улирал байлаа. Нэг алхам урагшилсан гэж бодож байна. Хоёр хоногийн өмнө энэхүү шагналын эзэн болсноо мэдсэн ч нэг их баярлаагүй. Харин дөнгөж сая тайзан дээр гараад шагналаа авахад арай өөр мэдрэмж төрдөг юм байна. Сэтгэл их хөдөллөө. Миний энэ хэмжээнд тоглож буй хамгийн том шалтгаан бол миний дасгалжуулагч Танасис Скоуртопоулос агсан юм. Мөн манай багийн хамт олон, арын албаныхан, гэр бүл, фэнүүддээ баярлалаа. Миний хажууд байгаад засаж залруулж яваад баярладаг шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Улирлын шилдгүүдийг танилцуулъя.
Үнэ цэнтэй тоглогч: О.Эрдэнэцогт (Би Си Эйч Найтс)
Шилдэг шинэ тоглогч: О.Өсөхбаяр (Хаан Шонхорууд)
Шилдэг хамгаалан
тоглогч: Г.Дөлгөөн (Эс Жи
Эйпс)
Шилдэг легионер
тоглогч: Давион Уоррен (Би
Си Эйч Найтс)
Шилдэг 6 дахь тоглогч: А.Батхуяг (Хаан Шонхорууд)
Шилдэг амжилт
нь ахисан тоглогч: Б.Барсболд
(Хасын Хүлэгүүд)
Шилдэг дасгалжуулагч: Юрис Васильевс (Би Си Эйч Найтс)




