Улсын арслан Э.Оюунболд Монгол бөхийн өргөөний барилдаанд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин У.Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Улсын арслан Э.Оюунболд эргэн ирснээс хойш Монгол бөхийн өргөөний барилдаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ юм. Тэрбээр түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө, “Хайртай ханьдаа баярынх нь өдөр том бэлэг барьж чадлаа. Сэтгэл сайхан байна. Есөн жилийн өмнөх Оюунболдыг аажим аажмаар эргүүлэн авчрахыг хичээж байна. Түрүүлэх мэдрэмжийг бараг мартах шахлаа. Өмнө нь түрүүлсэн ч огт тоодоггүй байсан бол энэ удаагийн тэс өөр мэдрэмж өгч байна. Өнөөдрийг хүртэл надад итгэж, намайг дэмжиж байсан хайртай гэр бүл, хамт олон, багш нар, үзэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэв.
Тэгвэл улсын заан Б.Пүрэвсайхан энэ улиралд хоёр дахь удаагаа үзүүрлэж байна. Түүний хувьд өнгөрсөн баасан гарагт “Ховд” дэвжээний ерөнхий дасгалжуулагчийн албыг хүлээж авсан юм. Барилдааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Нэг багшийн хоёр шавь түрүү, үзүүр булаалдах сайхан байна. Дүүтэйгээ харгүй сайхан барилдаж, үзүүрлэлээ. Барьц, байрлалын бага зэрэг алдаа гаргаад өвдөг шороодсон. Надад итгэж “Ховд” дэвжээний ерөнхий дасгалжуулагчаар томилсонд баяртай байна. Дэвжээнийхээ дүү нартаа сурсан, мэдсэн бүхнээ харамгүй зааж, хичээж ажиллах болно. Та бүхэн маань ч бас хичээгээрэй” хэмээн ярилаа.
Тус барилдааны их
шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын арслан
Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх,
улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан С.Ган-Эрдэнэ, М.Баасанжав нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын начин У.Балжиннямд МҮБХ болон хамт барилдаж явсан бөхчүүд, найз нөхөд, нутаг усныхан, ах дүүс зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр барилдааныг зохион байгуулагч “Хангайн Ган-Эрдэнэ” компаниас У.Балжиннямыг “Лексус-600” маркийн авто машинаар байлав.

