Өвлийн XIV паралимпын наадам хөшгөө нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Италийн Милан, Кортина хотод паралимпын өвлийн XIV наадам албан ёсоор эхэллээ.
Энэхүү наадамд 55 орны 600 гаруй тамирчин өвлийн спортын 6 төрөлд, 79 медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас тус наадамд гүйлтийн болон уулын цанын төрөлд гурван тамирчин оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолд пара гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг, дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нар жагсав. Энэхүү наадамд таван улс анх удаа Паралимпын өвлийн наадамд оролцож буйгаараа онцлогтой. Итали улс паралимпын наадмыг хамгийн сүүлд 20 жилийн өмнө Турин хотод хүлээн авсан түүхтэй. Түүнчлэн 1960 онд Рома хотод энэхүү наадам болсон түүхтэй. Тэгвэл энэ удаа гурав дахиа хүлээн авлаа.
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрөлд өрсөлдөнө.
Пара
гүйлтийн цана
Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)
• Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
• 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо
ангилал)
• 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо
ангилал)
Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)
• Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
• 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо
ангилал)
• 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)
Пара уулын цана
Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)
• Жиант слалом (зогсоо ангилал)
• Слалом (зогсоо ангилал) төрөлд өрсөлдөнө.
Манай гүйлтийн цанын хоёр тамирчин энэ сарын 10-нд спринт, 11-нд 10 км зайд сонгомол техникээр, 15-нд 20 км зайд тэших техникээр хурд сорино. Харин уулын цанын тамирчны хувьд 13-нд жиант слалом, 15-нд слалом ангилалд уралдах хуваарьтай байна.

