“The MongolZ” шөвгийн наймд шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-10 10:57:06

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна.


Өнгөрсөн шөнө дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж, шөвгийн наймд оролцох дараагийн гурван багийн нэр тодорсны нэг нь “The MongolZ” байв. Тэд плей-оффт өрсөлдөхийн төлөөх тоглолтод Францын 3DMAX багийг 2:1-ээр хожжээ. Уг тоглолтод манай улсын баг өрсөлдөгчийн сонгосон Dust-2 map дээр 13:10-аар хожсон. Харин өөрсдийн сонгосон Ancient map дээр 4:13-аар хожигджээ. Хоёр багийн тоглолт Inferno map дээр шийдвэрлэгдэж, cobrazera болон 910 нарын сайн буудалтын үр дүнд 13:10-аар The MongolZ баг өрсөлдөгчөө буулган авлаа. Өчигдрийн тоглолтын шилдгээр Б.Өсөхбаяр буюу 910 тодорсон байна.


Одоогийн байдлаар ESL Pro League Season 23 тэмцээний шөвгийн наймд тоглох эрхийг Германы MOUZ, ОХУ-ын Team Spirit, Монголын “The MongolZ, Туркийн Aurora Gaming, Бразилын Legacy баг авчээ. Өнөөдөр орой зургаан багийн тоглолтууд явагдсанаар үлдсэн гурван эрхийн эзэн тодорно.

Шөвгийн наймын тоглолт энэ сарын 13-15-нд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд болно.

相关新闻