Шатрын спортыг Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ.
Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна. Тэдний дунд олон улсын мастер, ФИДЕ мастер дэд мастер, Монгол Улсын спортын дэд мастер зэрэг цолтой 50 гаруй тамирчин байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тус тэмцээний оролцогчдод илгээлт явуулжээ. Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо “Шатрыг боловсролд” хэмээн тодорхойлсон. Монгол Улсын Засгийн газраас шатрыг мэргэжлийн спортын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгааг илгээлтэд дурдсан байна. Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тууштай дэмжиж, амжилт гаргаж байгаа тамирчдыг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангах, эх орондоо олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах, түүнд тамирчид, багш, дасгалжуулагчдыг оролцуулан туршлага эзэмшүүлэх, мэдлэг чадварыг өсгөх, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний тоог нэмэх, өсвөрийн болон оюутан залуучуудын шигшээ багийг байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Өвөг дээдсээс уламжлан ирсэн, “шатар” хэмээх оюуны их спортыг сонирхон хичээллэж, оюун сэтгэлгээ, бодол ухааны гайхамшгийг эзэмшин эх орон, эцэг эхийнхээ нэр төрийг өндөрт өргөж, тив, дэлхийн ухаантнуудтай эн тэнцүү өрсөлдөн тэмцэлдэж, амжилт гаргаж байгаа, Монгол Улсын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд мянгуулаа шалгаран оролцож буй бяцхан иргэдээрээ бахархаж байна. Мөн үр хүүхдээ, шавь нараа энэ агуу спортод дур сонирхолтой болгон хичээллүүлж, уйгагүй хөдөлмөр, хөрөнгө хүчээ зориулан зүтгэж байгаа эцэг, эхчүүд, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлье” гэжээ.
Ташрамд дурдахад, Монголын өсвөрийн шатарчид өнгөрсөн онд сурагчдын ДАШТ, ААШТ, ЗААШТ-ээс 30 орчим медаль авчээ.


