ЗАВХАН: Нийт хүн амын 49.8 хувийг эрэгтэйчүүд эзэлж, улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-18 17:23:04

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Статистикийн хэлтсээс эрэгтэй хүн амын талаарх сонирхолтой үзүүлэлтүүдийг олон нийтэд танилцууллаа.


Тус аймаг 21.7 мянган өрхийн 71.4 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 49.8 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь улсын дунджаас 0.7 пунктээр өндөр үзүүлэлт юм.


Аймгийн хэмжээнд 1 км.кв газар нутагт 0.9 хүн ногдож байгаа нь улс болон баруун бүсийн дундажтай харьцуулахад сийрэг үзүүлэлтэд тооцогдож байна. Хүн амын дундаж наслалт 73.1 болж, өмнөх оныхоос 0.5 жилээр нэмэгджээ. Үүнээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70.7 жил байна. Нийт өрхийн 75.1 хувь нь эрэгтэй өрхийн тэргүүлэгчтэй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1871 буюу 56.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.


Ажиллах хүчний судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны 50.6 мянган хүн байгаагаас 22.4 мянга буюу 44.2 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин нийт ажиллагсдын 52.8 хувь буюу 16.3 мянгыг эрэгтэйчүүд бүрдүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт нь хүн амын насны бүтэц, боловсролын түвшнээс шууд хамааралтай бөгөөд амьжиргааны түвшин, төрөлт, гэрлэлт, шилжилт хөдөлгөөн зэрэг үзүүлэлтэд нөлөөлдөг. Завхан аймгийн нийт ажиллагсдын 45.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа нь эдийн засгийн бусад салбар, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.


Түүнчлэн тус аймагт зургаа ба түүнээс дээш насны хүн амын 90.3 хувь нь гар утас хэрэглэж байгаа нь 2010 оны тооллоготой харьцуулахад 25.5 пунктээр өссөн үзүүлэлт юм. Хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн 86.5 хувь, эрэгтэйчүүдийн 84.0 хувь нь гар утас хэрэглэж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн үзүүлэлт 2.5 пунктээр илүү байна. Харин 70-аас дээш насны бүлэгт эрэгтэй хэрэглэгчдийн эзлэх хувь эмэгтэйчүүдээс 13.7 пунктээр давж байна. Байршлаар нь авч үзвэл төв, суурин газрын хүн амын 90.9 хувь, хөдөөгийн хүн амын 94.2 хувь нь гар утас хэрэглэгч байна.

相关新闻