ЗАВХАН: Шашны аялал жуулчлалыг уламжлалт анагаах ухаантай хослуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-19 16:21:47

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймаг байгаль, түүх, буддын шашны соёлын өвд тулгуурлан шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг гаргасан билээ.


Завхан аймгийн Засаг даргын 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн А/130 дугаар захирамжаар шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулж, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төлөвлөлт боловсруулах, санал боловсруулах чиг үүрэгтэй ажиллана.


Завхан аймагт оршдог Отгонтэнгэр хайрхан нь Очирваань бурхны орон хэмээн шүтэгдэж, төр, шашны тахилга үйлддэг онцлогтой. Дотоод, гадаадын жуулчид мөргөл, бясалгал хийх, уулын болон энергийн аялалд оролцох нь нэмэгдэж байна. Ирэх жилүүдэд аймаг шашны аялал жуулчлалыг дэмжсэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.


Түүнчлэн Завхан аймаг нь түүхэн газар нутаг, хийдийн тууриар баялаг. Улиастай хот нь Манжийн үеийн шашин, захиргааны төв байсны хувьд түүх, шашин, соёл хосолсон аяллын чухал цэгт тооцогддог. Иймд түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах, танин мэдэхүйн музей байгуулах боломжтойг албаныхан онцолж байна.


Мөн аймгийн нутагт орших рашаануудыг түшиглэн уламжлалт анагаах ухаан, шашны хосолсон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, Отгонтэнгэр уул орчмын болон Алдархаан, Тосонцэнгэл сумын рашаануудын найрлагыг шинжлэх ухааны үндэстэй судалж, баталгаажуулсан баримтууд бий. Үүнд тулгуурлан сэтгэл, биеийг нөхөн сэргээх рашаан сувилал, бясалгалын хөтөлбөрүүдийг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.


Цаашид буддын анагаах ухааны уламжлалд тулгуурласан бясалгал, эмчилгээний төвүүд байгуулах, гадаадын жуулчдад зориулсан хөтөлбөр, иог, дотоод энергийн сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ зам, тээврийн дэд бүтцийг сайжруулах, стандарт шаардлага хангасан жуулчны бааз, буудал, ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолжээ.


Мөн шашин, уламжлалт анагаах ухааны мэдлэгтэй хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх хэрэгцээ бий. Завхан аймаг нь уул, тал, говь хосолсон байгалийн бүс нутгийн онцлогоос шалтгаалан эмийн ургамлаар баялаг бөгөөд ганга, арц, алтан гагнуур, хөмүүл зэрэг ургамлыг ханиад, хоол боловсруулах эрхтний өвчин, ядаргаа, дархлаа дэмжихэд өргөн хэрэглэж иржээ.


Өдгөө ч сум бүрд бариач, яс баригч, домч, уламжлалт эмчилгээг өвлөн уламжлагчид удам дамжсан мэдлэг, туршлагыг хадгалан хөгжүүлж байна. Мөн орчин үеийн эрүүл мэндийн байгууллагууд уламжлалт анагаах ухааныг хавсран хэрэглэж, рашаан сувилал, уламжлалтын эмчилгээний үйлчилгээг үзүүлж байна.


Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёлын өвийг хамгаалах асуудал чухал юм. Иймд байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, ариун дагшин газруудыг хамгаалах журам, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай юм. Мөн эдгээр үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. “Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо хамгийн чухал” хэмээн Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа онцоллоо.


Сонирхуулахад, Завхан аймгийн уламжлалт анагаах ухаан нь Монгол-Төвдийн анагаах ухааны урсгалд багтах бөгөөд байгаль, нүүдэлчин соёл, буддын шашинтай нягт холбоотойгоор олон зууны турш хөгжиж ирсэн түүхтэй.

Тухайлбал, Яруугийн хүрээний хийд нь 1811 онд Ялгуусан хутагтын XIII дүрийн хувилгаан Лувсандамбадаржаа байгуулжээ. Тухайн үед хийд нь 17 сүм дуган, 29 барилга байгууламж, дөрвөн дацантай байснаас гадна байнгын хурал номын үйл ажиллагаа явуулдаг 540 лам, шавилан суудаг 300 орчим лам хуврагтай, шашин соёлын томоохон төв байв.


Хийдийн Мамба дацан нь монгол төдийгүй Ази, Энэтхэг, Герман зэрэг оронд алдаршсан анагаах ухааны төв байжээ. Тус дацанд Адарсүрэн, Чунаг, Тогмид, Түдэв, Санжжав, Лувсанцэрэн, Цэрэндорж зэрэг нэрт оточ лам нар ажиллаж, дотоод, гадаадын олон хүнийг эмчилж байсан төдийгүй Богд хааны ордонд эмийн ургамал, тан бэлтгэн нийлүүлдэг байсан тул “Цэцгийн хүрээ” хэмээн нэрлэж байжээ. Хийдийн оточ лам нарын эмчилгээ нь нүүдэлчдийн амьдралын туршлага, байгалийн ажиглалт, ургамал, амьтны гаралтай эмчилгээ дээр тулгуурлаж байсан бөгөөд шарханд ургамал тавих, яс барих, малын гаралтай тос, өөх хэрэглэх зэрэг аргыг хэрэглэж иржээ. 


Яруугийн хүрээний дацан сургуулиуд нь буддын гүн ухаан, анагаах ухаан зэрэг чиглэлээр эрдэмт лам нарыг бэлтгэхийн зэрэгцээ Энэтхэг, Төвөдийн мэргэдийн зохиол бүтээлийг орчуулан тайлбарлаж, өөрсдөө ч шинжлэх ухааны бүтээл туурвиж байв. 

Гэрэл зургийг: П.Баатарзоригт, нүүрний гэрэл зургийг Н.Сүхбат


 

相关新闻