ӨВӨРХАНГАЙ: Аав хүний гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-19 17:24:15

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн ХГБХХГ, Эрүүл мэндийн газар, Арвайхээр сумын ЗДТГ-аас “Амьдралын төлөө аавууд” чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.


Аав хүний хариуцлага, манлайлал, гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг, хүүхдийн хүмүүжилд үзүүлэх нөлөө зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш нар илтгэл тавьж, Эрүүл мэндийн газраас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, анхаарах асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.


Өвөрхангай аймагт эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70 бөгөөд эмнэлэгт хандах тоон үзүүлэлт эмэгтэйчүүдээс 1.6 дахин бага байна. Тэдний дунд амиа хорлох, осол аваарт өртөх, согтууруулах, мансууруулах зүйлд автах асуудал их байгаа бөгөөд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 576 хүн нас барсны 63 хувь нь эрэгтэйчүүд байна.


Аав хүн гэр бүлийнхээ өмнө томоохон үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд өөрөө эрүүл байж, урт удаан наслах ёстой ч үүнийг төдийлөн хэрэгжүүлдэггүй гэдгийг сургалтаар онцоллоо. Мөн ихэнх нь хүүхдүүдтэйгээ хангалттай ярилцдаггүй, цаг зав гаргадаггүйгээс шалтгаалан үр хүүхэд нь аавтайгаа төдийлөн дотно биш байдлыг сануулсан юм. Хүүхэд том болоод ямар хүн болох, бусдад хэрхэн хандах, яаж хүмүүжихэд аавын хүмүүжил, харилцаа, хандлага, үйлдэл бүр шууд нөлөөтэй юм.


Зөвлөгөөнд салбар, нийгмийн давхаргын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцож, эрүүл, аз жаргалтай, харилцан хүндэтгэлтэй гэр бүл төлөвшүүлэхэд өөрийн үүрэг, оролцоог ухамсарлав. Энэ үеэр үлгэр жишээ сайн аавуудыг тодруулан шагнаж, урамшууллаа.


相关新闻