ЗАВХАН: "Шим" брэндийг үүсгэн байгуулагч Дагвын Баяраа аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.
Завхан аймгийн хүнсний үйлдвэрийн салбарын төлөөлөл, “Мөнхөд мандаг” ХХК-ийн
зөвлөх Дагвын Баяраа “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнууллаа. Тэрээр
шагналаа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авсан байна.
Д.Баяраа нь төрийн байгууллага болон аж үйлдвэрийн салбарт 40 орчим жил ажилласан туршлагатай, биохимич мэргэжилтэй инженер бөгөөд дотоодын хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Тэрбээр нэг төрлийн бүтээгдэхүүнийг 60 гаруй нэр төрөл болгон өргөжүүлж, 2010 онд уламжлалт технологид тулгуурласан “Шим” брэндийг үүсгэн байгуулсан байна. Мөн Монгол улсад шимийн архины үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж батлуулсан байна. Түүнчлэн 2017 онд орон нутгийн түүхий эд болох чацарганаар үйлдвэрлэсэн дарсыг оюуны өмчөөр бүртгүүлж, патентыг эзэмшиж байгаа юм.
Д.Баяраа нь нутгийнхаа жимс, байгалийн түүхий эдийг үйлдвэрийн стандарт хангасан бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, улсын хэмжээнд таниулахад анхаарч ажиллаж иржээ. “Мөнхөд мандаг” ХХК нь үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүнийхээ 30 орчим хувийг оюуны өмчийн бүртгэлд хамруулж, Завхан аймгийн онцлог брэндүүдийг бий болгосон байна.
Тус үйлдвэр 15-20 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, сүүлийн 15 жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 400 орчим сая төгрөгийн татвар төвлөрүүлж, Нийгмийн даатгалын санд 150 орчим сая төгрөгийг шилжүүлжээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа амьжиргааг дэмжихэд анхаарч, амины сууц, хашааны дэмжлэг үзүүлснээс гадна өрх толгойлсон эхчүүд, ахмад ажилтнууддаа дэмжлэг үзүүлдэг байна. Мөн урлаг, спортын улсын болон олон улсын тэмцээнд оролцож буй орон нутгийн тамирчдыг ивээн тэтгэдэг аж.
Түүний үүсгэн байгуулсан “Мөнхөд мандаг” ХХК нь 2008, 2010, 2012 онд Баруун бүсийн шилдэг аж ахуйн нэгж, 2009, 2012, 2014 онд аймгийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байв. Мөн 2011 онд МҮХАҮТ-ын “Хийморь” хүндэтгэлийн одон, 2012 онд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэр, 2018 онд “Гран при”, “Entrepreneur-2018”, 2019 онд “Оны шилдэг хүнсний үйлдвэрлэл эрхлэгч” зэрэг олон шагнал хүртсэн байна.

Шим брэнд