Амралтын өдрүүдэд дараалсан барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-20 16:23:23

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Казах түмний уламжлалт Наурыз буюу Нарны баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.


Тус барилдаанд Монгол, Казахстаны гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага О.Бахытын нэрэмжит болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү барилдаанд 2022 оноос хойш улсын цолтой бөхчүүд зодоглох болсон юм. Тэгвэл 2022 онд улсын гарди М.Бадарч, 2023 онд аварга П.Бүрэнтөгс, 2024 онд дархан аварга Н.Батсуурь, 2025 онд арслан Б.Орхонбаяр түрүүлж байв. Тус барилдааны түрүү бөхийг автомашинаар байлах бол үзүүрлэсэн нь 4.0, их шөвгийг 2.0 сая төгрөгөөр мялаана.  


Харин энэ сарын 22-ны ням гарагт “Мобиком” корпорацын 30 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. Тус барилдааны үеэр үзэгчдээс хамгийн өндөр санал авсан дөрвөн хооронд халз барилдааныг зохион байгуулахаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар санал асуулгыг улсын заан М.Лхагвагэрэл тэргүүлж байгаа бол арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, аварга О.Хангай нар эхний дөрөвт жагсаж байна. Санал хураалт маргааш дуусах юм. Шилдэг дөрвөн бөхийн барилдаанд түрүүлсэн нь 20, үзүүрлэсэн нь 10, унасан хоёр бөх 5.0 сая төгрөг гардана. Түүнчлэн чансаа өндөр 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 30, үзүүрлэснийг 15 сая төгрөгөөр байлахаас гадна нэг давааг 300 мянган төгрөгөөр үнэлжээ. 

相关新闻