ЗАВХАН: Өнөө шөнө цасан шуурга шуурахыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-24 16:14:34

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгийн 56 хувь нь цастай байна. Үүнээс Баянтэс, Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэлмэн сумын нутгаар цасны зузаан дунджаар 13 см хүрчээ.


Мөн Нөмрөг, Тосонцэнгэл, Отгон, Их-Уул сумын нутгаар цасны дундаж зузаан 4–10 см байна. Энэ сарын сүүлийн арав хоногт отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх, зарим суманд бог мал төллөх зэрэг хөдөө аж ахуйн ажил ид өрнөж байна.


Аймгийн хэмжээнд агаарын дундаж температур -2.3-аас -13.1 градус хүйтэн байгаа бол өдөртөө -1 градус хүйтнээс +12 градус дулаан, шөнөдөө -14-өөс -30 градус хүрч хүйтэрч байна. Гуравдугаар сарын дунд арав хоногт Цэцэн-Уул, Отгон суманд шөнөдөө -30 градус хүрч хүйтэрсэн нь хамгийн бага температур байлаа. Харин хөрсний температур Түдэвтэй суманд -32, Отгон суманд -31 градус хүрч хүйтэрсэн байна.


Гуравдугаар сарын 26-наас 30-ныг дуусталх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28-нд нутгийн хойд, төв хэсэг болон Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхины хурд ихэнх хугацаанд секундэд 5–10 метр, 28-нд секундэд 6–10 метр хүрч, зарим үед түр зуур секундэд 14–16 метр хүрч ширүүсэх төлөвтэй.


Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байх төлөвтэй байна.


Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Мөн зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэх тул иргэд, жолооч нарыг болгоомжтой зорчихыг Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын төвийн инженер Д.Уранчимэг анхаарууллаа.

 

相关新闻