ЗАВХАН: Сулхирын гурил 70 мянган төгрөгт хүрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин зэрэг говийн суманд ургадаг сулхир ургамлын үнэ өсөж, нэг килограмм нь 70 мянган төгрөгт хүрчээ.
Сулхир нь элсэн хөрсөнд ургадаг, олон жил ургаж байж үрлэдэг онцлогтой ургамал юм. Нутгийн иргэд хар өнгөтэйг нь “суль”, шаргал өнгөтэйг нь “сулхир” хэмээн ялган нэрлэдэг бөгөөд хар суль нь тэжээллэг чанар их, шар сулхир нь эмчилгээний зориулалтаар түлхүү хэрэглэгддэг. Уламжлал ёсоор намрын улиралд үр нь бүрэн боловсорсон үед тэмээн хөсгөөр түүдэг байсан бол сүүлийн жилүүдэд иргэд бүлгээрээ нэгдэн машин ашиглан түүж бэлтгэдэг болжээ.
Сулхир нь элсний нүүдлийг тогтоон барих экологийн ач холбогдолтой ургамал бөгөөд 5-7 жил ургаж байж үрээ тараадаг тул тархалт нь удаан байдаг. Гэвч иргэд жил бүр замбараагүй түүж байгаагаас ургалт, нөхөн сэргэлтэд сөргөөр нөлөөлж, ховордох, цөлжилт нэмэгдэх эрсдэл бий болж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулж байна.
Одоогоор сулхир, хар суль ургамлыг хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
