ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсэд "Багш, сурагч солилцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-25 16:59:40

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт “Багш, сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжиж байна.


Хөтөлбөрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр лаборатори сургууль, спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургууль, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт 1 дүгээр сургууль, математик, гадаад хэлний төрөлжсөн сургалттай Тэмүүлэл-Эрдэм сургуулийн найман багш, 54 сурагч оролцсон юм.


Сурагчид шинэ орчинд хичээл сургалтаа үргэлжлүүлэхээс гадна үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллан харилцааны ур чадвараа хөгжүүлж, Хүүхдийн ордны дугуйлан, клубийн үйл ажиллагаа, Арвайхээр хотын түүх, соёлтой танилцсан бол багш нар заах арга зүй, туршлагаа хуваалцан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгосон байна.



Хугацааны төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд оролцогчид сонирхолтой, ач холбогдолтой байсныг хэлж, судалж мэдсэн зүйлээ орон нутагтаа туршина. Цаашид хөтөлбөрийг үргэлжүүлж бусад сурагчийг хамруулах нь чухал гэж байв.


“Багш, сурагч солилцоо” хөтөлбөр нь хүүхдийн хөгжих, оролцох нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, сургууль болон орон нутгийн соёл, онцлогтой танилцаж, бусдаас суралцах, үе тэнгийн найз нөхөдтэйгөө үзэл бодлоо солилцох, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хөгжүүлэх зорилготой юм.


相关新闻