ЗАВХАН: Улиастай сумын агаарын чанар цэвэр түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-26 10:45:26

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай сумын агаарын чанар цэвэр түвшинд буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Агаарын чанарыг тогтмол тодорхойлох нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, бохирдлын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.


Мөн холбогдох стандарт, журмын хэрэгжилтийг хангах, агаарын чанарын хяналтын тогтолцоог төлөвлөх, бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох, бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байна.


Тус станц нь өдөр бүр агаар бохирдуулагч түгээмэл бодис болох хүхэрлэг хий (SO₂), азотын давхар исэл (NO₂), PM2.5 тоосонцрын агууламжийг хэмжин олон нийтэд мэдээлж байна.


Сүүлийн хоёр өдрийн байдлаар,
•Хүхэрлэг хий (SO₂)-ийн хоногийн дундаж агууламж 15 мкг/м³,
•Азотын давхар исэл (NO₂)-ийн хоногийн дундаж агууламж 11 мкг/м³,
•PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 12 мкг/м³ байна. Харин хоногийн хамгийн их агууламж,
•SO₂ – 06:00 цагт 19.3 мкг/м³,
•NO₂ – 07:00 цагт 13.5 мкг/м³,
•PM2.5 – 12:00 цагт 21 мкг/м³ хүрч тус тус бүртгэгдсэн байна.


Ийнхүү агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ, төрлийг тогтмол хянаж, олон нийтэд мэдээлснээр агаарын чанарыг сайжруулах бодлого боловсруулах боломж бүрдэж байгааг мэргэжлийн байгууллагаас онцлов.

相关新闻