ЗАВХАН: Шилүүстэй сумын нутагт ирвэсийн судалгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-26 16:23:01

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт сүүлийн үед шар, бор, хар зүстэй цоохор ирвэс бэлчээрт тогтмол ажиглагдах болж, хонь, ишиг, хурга барих тохиолдол нэмэгдсэн тухай малчид аймгийн Байгаль орчны газарт мэдэгджээ.


Өмнө нь ирвэс нутагладаг тухай яригддаг байсан ч ийнхүү ойр ойрхон, өдөр бүр шахам үзэгдэх нь ховор байсныг онцолсон байна.


Аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнийн хэлснээр, тухайн бүс нутагт цоохор ирвэсийн тоо толгой, тархалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох зорилгоор яаралтай судалгаа хийх шаардлагатай байгаа аж.


Завхан аймагт цоохор ирвэс ихэвчлэн өндөр уулын хад асгатай бүс, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудад тархан амьдардаг. Судалгаа, автомат камерын мониторингийн үр дүнд Отгон сум, Отгонтэнгэр уул болон ойр орчмынх нь уулсад ирвэс байдгийг тогтоосон бөгөөд энэ бүс нь тэдний чухал амьдрах орчинд тооцогддог байна.


Шилүүстэй сум нь мөн өндөр уулын бүс бөгөөд өмнө нь ирвэсийн ул мөр бүртгэгдэж байсан байна. Судлаачид өндөр уулс нь зөвхөн зэрлэг амьтдын амьдрах орчин төдийгүй хүний ундны усны эх булаг болдгийг тодотгож, цоохор ирвэс байх нь тухайн экосистемийн эрүүл, тэнцвэртэй байдлыг илэрхийлдэг гэж үздэг.


Иймээс цоохор ирвэсийг хамгаалах нь уулын экосистемийг хадгалах төдийгүй хүний амьдралыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Аймгийн хэмжээнд цоохор ирвэс хамгааллыг бодлоготойгоор зохион байгуулж, автомат камер ашиглан хөдөлгөөн, тоо толгойн судалгааг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хавар, зун Шилүүстэй суманд тандалт, судалгаа, ажиглалтын ажил өргөжүүлэхээр төлөвлөжээ.

相关新闻