Сагсан бөмбөгийн дээд лигийн финалын тоглолт маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 2025-2026 оны улирлын үндэсний дээд лигийн финалд “Хасын хүлэгүүд” болон “Сэлэнгэ бодонс” баг шалгарлаа.
Хоёр багийн финалын цуврал тоглолт маргааш 19:10 цагт эхэлнэ. Лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” финалд 15 дахь удаагаа шалгарч байгаа нь энэ. Ингэхдээ тэд есөн удаа аваргын цом өргөж, зургаан удаа дэд байрт шалгарчээ. 2024, 2025 онд дараалан түрүүлсэн тус багийнхан гурав дахь жилдээ дараалан цом өргөх зорилготой. Энэ зорилгоо гүйцээж чадвал лигт 10 түрүүлсэн цор ганц баг болно. Харин “Сэлэнгэ бодонс” баг анх удаа финалд шалгарлаа. Тэд хагас шигшээд “Эс Жи Эйпс”-ийг цувралын долоо дахь тоглолтод хожсоноор аваргын төлөө тоглох эрхтэй болсон.
Ташрамд дурдахад,
өнгөрсөн улирлын хагас шигшээд “Хасын хүлэгүүд”, “Сэлэнгэ бодонс” хоорондоо таарахад “Хүлэгүүд ялснаар финалд
шалгарч байсан юм.