Иранд өгч буй цохилтууд дайны гэмт хэрэгт тооцогдож болзошгүйг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-03 14:46:27

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Ираны цахилгаан станцууд, ус цэвэршүүлэх байгууламжуудыг онилно гэх сүрдүүлгээ давтан хэлсний дараа Америкийн олон улсын эрх зүйн олон шинжээч АНУ-аас Иранд өгч буй агаарын цохилтууд дайны гэмт хэрэгт тооцогдож болзошгүйг анхааруулсан нээлттэй захидалд гарын үсэг зуржээ. 


Харвард, Йель, Стэнфорд болон Калифорнийн их сургуулийн 100 гаруй олон улсын эрх зүйн шинжээч пүрэв гарагт нийтэлсэн захидалдаа "Америкийн цэргийн ажиллагаа болон Америкийн өндөр албан тушаалтнуудын мэдэгдэл нь олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулиудыг зөрчиж,  дайны гэмт хэргийн шинжийг агуулж байна" гэж мэдэгдсэн байна. 


Ялангуяа сургууль, эмнэлэг, орон сууцнууд агаарын цохилтод өртөж байгаад хуульчид ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлээд, дайны эхний өдөр Ираны охидын сургууль руу хийсэн цохилтыг онцлон дурджээ.


Уг сургуульд өгсөн цохилтыг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн тухайгаа АНУ-ын зэвсэгт хүчин гуравдугаар сард мэдэгджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг цохилтод АНУ-ын зэвсэгт хүчин хариуцлага хүлээх магадлал өндөр байгааг мөрдөн байцаалтын урьдчилсан дүн харуулсан тухай мэдээлсний дараа ийм мэдэгдэл хийсэн байна.

相关新闻